Friday, 8 November 2013

Нэрт соён гэгээрүүлэгч Цэрэндоржийн Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

 Өнөөдөр Хүүхдийн номын ордноо Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, орчуулагч,  нэрт соён гэгээрүүлэгч Цэрэндоржийн Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Хүүхдийн номын ордон, Ц.Цэдэнжавын гэр бүл, үр хүүхэд, шавь нарынх нь хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Б.Бааст, доктор, профессор С.Байгалсайхан, МУСГЗ Д.Цэдэв, Ч.Дагвадорж, Ж.Саруулбуян, доктор Д.Сумьяа, А.Мөнх-Оргил, С.Хөвсгөл, Ц.Сүхбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт зохиолч Х.Зандраабайдий, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр нарын зэрэг хэл шинжлэл, утга зохиолын судлал шүүмжлэлийн томоохон эрдэмтэд илтэл тавьж, уран бүтээлчид оролцож үг хэлсэн  юм.

 Доктор С.Байгалсайхан: “1930-1970 оны утга зохиолын нэртэй төлөөлөгчдийн нэг бол Ц.Цэдэнжав агсан юм. Түүний туурвисан гайхамшигт бүтээлүүдийг нь эргэн дурсах, хойч үедээ сануулан алдаршуулахад энэхүү арга хэмжээ нэгэн зорилго оршиж байна. Ц.Цэдэнжав агсан бол  эх орон, нутаг усандаа амьнаасаа илүү хайртай хүн байсан бөгөөд Монголоо гэсэн сэтгэл зүрхээ шүлэг найргаараа мөнхлөн үлдээсэн юм. Түүний цэрэг, эх орны сэдэвтэй бүтээлүүдийг нь хүүхэд, залуустаа сургаал болгон өвлөн үлдээх ёстой.
 ....Цэлмэг залуу насынхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг гэсэн гайхамшигт мөрүүдийг нь идэр наснаасаа сонсоогүй хүн байхгүй. Ийм халуун эх оронч сэтгэлгээг төрүүлэх ач холбогдолтой  шүлэг найргийг залуу үе маань мэдэж байх ёстой” гэлээ.
Уг хуралд хүрэлцэн ирсэн Ц.Цэдэнжав агсны зээ охин М.Ганчимэг “Миний хувьд энэ олон том эрдэмтдийн өмнө үг хэлнэ гэдэг бол нэр төрийн хэрэг юм. Би хэдийгээр өвөөгөөсөө эрт хагацсан ч гэлээ олон сайхан дурсгалтай мөчүүдийг санаж байдаг. Өвөө маань маш их хөдөлмөрлөдөг хүн байсан санагддаг юм. Жаахан зав гарахаар уул хадаар зугаалах их дуртай. Намайг дагуулаад ууланд их явна. Нэг удаа ууланд явж байтал өвөө маань жаахан унтаж амарсан юм. Гэтэл баахан хүмүүс ирээд “Та чинь арай уулын өвгөн үү, жинхэнэ өвгөн үү” гэж асууж байлаа. Сахал, үсээ янзалж, хусах ч завгүй тэгж их хөдөлмөрлөдөг байсан даа” гэж сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Уулзалтын үеэр түүний шавь Ч.Пүрэвдоржийн эмхэтгэсэн “Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дурсамжийн номыг танилцуулсан. Мөн Ц.Цэдэнжав агсны өөрийнх нь дурсамжийн эмхэтгэл болох “Эргэн дурсах он жилүүд” хэмээх номыг мөн Х.Зандраабайдий, Ч. Пүрэвдорж нар эмхэтгэснийг зочдод бэлэглэсэн. 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэв Эрдэм шинжилгээний бага хурлыг хааж хэлсэн үгэндээ “Ц.Цэдэнжав судлал”-ыг цаашид бий болгож хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үнэтэй санал дэвшүүлсэн юм.
Д. Бат
Эх сурвалж: www.aravt.mn

No comments:

Post a Comment