Friday, 8 November 2013

ЦЭДЭНЖАВ НЭГ Л СОНИН СОДОН ХҮН БАЙСААН


Манай хүүрнэлт зохиолын том төлөөлөгч, жүжгийн нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагч Цэдэндоржийн Цэдэнжав бол нээгдэж судлагдаагүй хэвээрээ байгаа зохиолчдын нэг. 1929 онд, зохиолчдын байгууллагын тулгыг тулж, түүний амьдралын галыг бадраасан буянтай буурлууд маань цөм бурханы оронд оджээ. Цэдэнжав эдгээр буурлуудийн хоёрдугаар үеийн төлөөлөгч болж манай утга зохиолд орж ирсэн хүн. Цэдэнжав, Буяннэмэх, Дамдинсүрэн гуай, Ренчин гуай, Ядамсүрэн, Ши.Аюуш, Санжид нарыг бүгдийг мэддэг, таньдаг, тэдний үед уран бүтээлээ эхлэж, тэдэнтэй үерхэж, заримтай нь маргаж, сайндаж, муудалцан шүлгээрээ “зодолдож” явсан хүн. Ер нь Цэдэнжав багаасаа туйлын сэргэлэн хурц, сав л хийвэл хүнтэй маргаж, юмны нарийн учир утгыг иш мадаггүй болгон олох гэж мэрийдэг байжээ.
Ингэж хэл амаар “зодолдохдоо” ихэнхдээ ялагдал хүлээдэг. Тийнхүү ялагдал хүлээхээрээ ихээхэн шаралхаж, уурлаж “шатдаг” болсон. Энэ нь ч зарим талаараа амьдралд нь муугаар нөлөөлсөн тал бий байх. Маргаанч явсан нь түүнд зарим талаараа муу нөлөө болдоггүй, харин ч маргаж мэтгэлцсэний эцэст унтрах биш улам дөлөлзөн очдож бадардаг тал ч байсан бололтой. Зарим хүмүүс Цэдэнжавыг маргалдаж, хэмхэлдэж явахдаа ер ялж дийлж явсангүй гэж бичсэн, хэвлүүлсэн ч бий. Энэ зүйл одоо бодоход арай өрөөсгөл мэт санагдана. Зохиолч нөхөдтэйгөө маргахдаа унаж тусч, хад мод мөргөж байсан байж болно. Гэхдээ тэр амьдралдаа олон сонин амжилтад хүрч байсан юм шүү. Улсын анхны шатрын тэмцээн болно гэхэд Цэдэнжав энэ тэмцээнд маш шаргуу бэлтгэж, улсын анхны шатрын мастер болно гэж дэвсээн. Тэмцээн болсоон. Цэдэнжав түрүүлсээн. Монгол улсын анхны шатрын спортын мастер болсоон. Энэчлэн жимсчин, цэцэрлэгчин болно. Мичурин болно гээд орос хэл дээр тэр мэргэжлийн янз бүрийн олон ном уншсан. Цэцэг жимс тарьсан. Ургуулсан. Сургууль цэцэрлэг танил нөхөддөө зөндөө лааз савтай цэцэг, жимсний бут  сөөг өгдөг байсан. Сууцны цонх энэ тэр нь битүү цэцэг болчихсон тийм үе байсан. Гэвч энэ нь сүүлдээ явуургүй болсон. Гэр орон нь аятай тохитой байсангүй. Энэ ажлы нь сонирхдог дэмждэг явдал ч байсангүй. Тэгээд тэр сайхан мэдлэг унтарсаан. Гэхдээ энэ эрмэлзлийнхээ эцэст Цэдэнжав байгалын асар том мэдлэгтэй хүн болсон. Шадивлангийн зусланд байхдаа хүүхдүүд дагуулж уул ойд яваад хүүхдүүдийг цэцэг ногоо, мөөг, жимс, хортой хоргүй ургамал ногооны мэдлэгээр цэнэглэж байжээ. Өөрөө гишүүнэ, мөөг хүнсний ногоо түүж ирээд жимсний амттай чанамал хийчихсэн зусланчдыг дайлж л байсан.   
Сүүлдээ тэр, хөдөө нэгдэлд гарч, нэгдлийн ажлыг сайжруулахаасаа илүү хөдөөг ойжуулах, цэцэрлэгжүүлэх, төмс, хүнсний ногоо тарих ажил хийж байлаа. Нэгдэлч олны аж амьдрал, хөдөө аж ахуйн мэдлэгийг өөд нь татах гэж баахан ажил зэрэг сэдэж хавтгайруулаад санасан ажил нь нэг талаар цагаар түрүүлсэн. Нөгөө талаар мөн л дэгээтэй дэмжлэг олоогүй байх. Цэдэнжавын “Говийг өөрчлөх төлөвлөгөө“ гэдэг зохиол тэр үедээ зарим хүмүүст тохуу тоглоом мэт санагдаж, үл гүйцэлдэх үзэл сурталчилсан овилгогүй этгээд мэт санагдаж байв. Гэтэл цаг өөр болсон, бид юуг ч сэдэж бүтээхээр бяр сууж гадна дотнын улс олны тус дэмжлэг хүлээж манайдаа урд хятадын урт цагаан хэрэмтэй жишиж болох мянганы зам тавьж  чадаж байгаа юм чинь “Говийг өөрчлөх төлөвлөгөө” зохиол амьдрал болох боломж, хүч манайханд цогцолсон байлгүй. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ногоордог жамтай. Мянганы замыг мянгуужны үлгэр хэмээн завжаараа цагаан хөөс сахруулагчид хамраасаа цаашихыг харж чадахгүй заяаснаа гэмших өдөр ирэх байлгүй.
Цэдэнжав “Мандухай цэцэн хатан” жүжгийг хоёулаан хамтарч бичье гэж надад хэлсээн. Монголын анхны /энэ жил 80 жилийнх нь ойг тэмдэглэсэн/ 10 жилийн сургуульд /1940-42/ бид хоёр, багш шавь хоёр байсан. Багшийнхаа хичээлд би сайн сурдаг байсан болохоос биш, уран зохиолын тухайд бид хоёрт ямарч холбоо хэлхээ байхгүй. Харин Дондогийн Цэвэгмид багш бид хоёр арай өөр харьцаатай байсаан. Тэгээд Цэдэнжав багш маань намайг тоож “Мандухай цэцэн хатан” жүжгийг бичүүлж улмаар өөр бусад бүтсэн бүтээгүй арваад жүжиг бичилцэж Монголын театрын алтан үеийнхний  дотор арван жил бужигнуулсан, тэр уулнаас өндөр ачийг нь би хэзээ ч мартах учиргүй хүн.
Саяхан эрдэмтэн зохиолч Э.Оюуны төрсөний 85 насны ойг их сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.  Олон сонин арга хэмжээ зохиосны дотор Э.Оюуны “Амьдралын зам” номыг хоёр дахь удаагаа өргөтгөж, баялаг гэрэл зургийн материал оруулж үзэмжтэй лут хэвлүүлжээ. Тэр номын 82, 83-р талд: “...Ямарч болсон Ц.Цэдэнжав, Б.Бааст хоёр зохиолчийг бидэнд илгээсэн нь нэг үе мөн ч тус болсон гэсэн өгүүлбэр байгаа. Бид хоёрыг театр луу хэн ч илгээгээгүй. Жүжгээ бариад л Бөмбөгөр ногоонд бор зүрхнийхээ дуудлагаар л очсон. Энэ тухай олон зүйл бичиж болох  авч хэмнэе. “Мандухай цэцэн хатан” жүжгийг театрт барьж очсоны яг 60 жил нь Оюуны маань 85 насны ойтой тохиож байгаа юм. Сонин байгаа биз. Оюун маань сэрүүн тунгалаг байсан бол энэ өдрүүдэд энэ тухайд яаж баярлаж, яаж дурсах байсан бол доо. Урлагийнхан гэдэг их айлыг удирдаж авч явах хүмүүс, аливаа ажлыг олны дэм тусаар хийчихээд суух биш, энэ айлынхаа амьдрал, үүх түүхийн гүн лүү нарийн нухацтай, шударга үнэнчээр орж ажиллах хэрэгтэй байх аа. Цаг алдаж болохгүй. Урьд үеийнхээ сүүлчийн амьд гэрчүүд байгааг сэнхэрч олон зүйл ажил хиймээр байна.
“Мандухай цэцэн хатан” жүжгийг бичих гэж намайг жаахан юм уншуулж нүдий минь онгойлгохоор Улсын номын санд суулгаад, Цэдэнжав өөрөө Шекспирийн найман ланжгар ботийг тэврээд хэвтчихсэн. Заримдаа тэр уйлчихсан уншиж байдаг сан. Би тэр үед орос хэлэнд ёстой “шушмаа” бараг л мэдэхгүй байсан. Цэдэнжав маань өөрөө Шекспирийг уншсаар орос хэлийг ойлгох, ухаарах талаар ёстой гүйширсэн. Шекспир, бид хоёрт эмгэнэлт жүжиг бичих санаа өгсөн. Тэгээд тэр үед одоо ч толбо хэвээр байгаа эмгэнэлт жүжиг бичихээр шийдсэн. Монголын хаадын түүхэнд мундахгүй хар мөр үлдээсэн Элбэг хааны явдлаар эмгэнэлт жүжиг бичсэн. Мандухай цэцэн хатныг бодвол Элбэг хааны тухай материал боломжийн байсан. Жүжгээ аваад театрт очсоон. Театрынхан маш урамтай хүлээж авсан. Тайзан дээрээ сургуулилж эхэлсэн. Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор театрын хамт олон Оюун, Рабинович сургагч бид цөм баяртай байлаа. Ямар ч байсан анхны эмгэнэлт жүжигтэй боллоо гэж баярлаж байлаа. Жүжиг бэлэн болсон. Уран сайхны зөвлөлийнхөн үзлээ. Ганцхан Дамдинсүрэн гуай ирээгүй байсан. Жүжгээ хэлэлцээд гар өргөн батлахын даваан дээр Дамдинсүрэн гуай орж ирсэн. Бүгд л тэр хүний амыг харлаа. Тэр үед Дамдинсүрэн гуайгаас том хүн байсангүй. Мань хүн жүжгийн тухай асууж, танилцлаа. Оюун л ярьж учирласан хэрэг. Тэгсэн чинь мань хүн ганцхан хүнд үг хэлж, жүжгийг маань алгадаж, унагачихаад яваад өгсөн. Тэр үед ядахдаа: “Тэгвэл энэ жүжгээ улсын баярын дараа, өвөл цагийнхаа нээлтээр тоглож болохгүй юу” гэдэг үгийг Оюун, Рабиновийн хэн нь ч хэлээгүй. Бидний жүжгийг арай ч зохион байгуулалттай нураагаагүй байх. Цэдэнжав их хартай, хортой, шартай хүн учир, чухам ингэж унагалаа гэсэн бодол-үг байсаан. Тэгж хэлж байсаан. Цэдэнжав, Дамдинсүрэн гуай хоёр аль 1939 оны хуучдаас эхэлсэн маргаантай байсаан.
“Элбэг хаан” эмгэнэлт жүжиг дараа жил нь эвдэрч хэмхлүүлэн “Ийм нэгэн хаан байжээ” нэртэй “амьтан” тайзан дээр боссон. Олон жилийн дараа “Элбэг хаан”-аа эргэж сэргээе гэж Цэдэнжавт хэлсэн. Гэвч түүний биеийн эрүүл мэнд сайнгүй болсон учир “Би одоо чадахгүй ээ, Хүсч байвал чи оролд гэсээн. Би ганцаараа нэг удаа оролдсон. Хүч хүрэхгүй байлаа. Ядахдаа миний анхны гар эх байна. Даанч болхи  юм. Миний эх дээр ажилласан Цэдэнжавын гар бичмэл эх, тэр эхээс театр, Оюуны ажиллаж амьдруулсан эх бүгд Бөмбөгөр ногоонд бусад бүх үнэт тансаг, олон зүйл, өвийн хамт шатсаан. Оюун их ухаантай хашир, хэрсүү соёлтой хүн, зөвхөн бид хоёрын ч биш театрт түүний өөрийн нь бичсэн, орчуулсан /оросоос монгол руу, монголоос орос луу/ найруулж тавьсан бүх зохиолын эх болон хувиуд үлдсэн гэж боддог, тийм үндэслэлтэй  нэгэн зүйл бодол байсаар байдаг юм даа.
Одоо бодоход, Цэдэнжав маань биднээсээ нэг толгой арай илүү буюу цагаасаа арай түрүүн төрсөндөө болоод энэ тэр хүний хэл амны үзүүрт өртөгдөж явав уу ч гэж бодогдох юм. Мань хүн зоригтой, хэл амнаас айдаггүй, санаж бодсоноо шууд цагаан цайлган айлдчихдаг, түүний дээр ярих хэлэх нь баахан эмх цэгцгүй байсан нь түүнд бас нөлөөлсөн болов уу?
Ер нь урлах, дүрслэх, ухаалахдаа цаанаа л нэг  зангарагтай шүү. “Хилчин” гэдэг найраглал бичив. Ард Лхамын хүү хилчин  Даваажавын  дүрийг мөн чиг уртай ухаантай дүрсэлсэн юм шүү. Д.Сэнгээ энэ найраглалд цөсөө цалигтал атаархаж үүнээс сайхан найраглал бичих гээд бараагүй юм. Сэнгээгийн тэрхүү найраглал уг нь бас ч муу биш шүү.
Цэдэнжав маань Д.Нацагдоржийн “Миний нутгаас” дутахгүй найраглал бичнэ гээд шарлахав. Үнэхээр “Миний нутаг” гэдэг гайхамшигтай найраглал бүтээсэн сэн.
   ...Боролдой бяцхан гартаа харандааг анх барьж
  Булбарай хөөрхөн биеэрээ ширээ түшиж суухдаа
  Бодол, оюун хоёры минь улам ихээр эзэлж
   Бодитой сайхан чанар нь миний зүрхэнд шингэсэн
       Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
       Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
       Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
        “Чиний төлөө үхье” гэж эх орондоо хэлдэг
        Угаас төрсөн нутаг минь энэ Монголын ороон
        Урьд хожид хэзээ ч бол угаасан сайхан ус
        Уур цагаан гэртээ түлсэн халуун гал
        Ухаан орсон цагаасаа миний гэсэн шороо
        Зол баярын нулимсаа, шороон дээр нь дусааж
        Зовох, жаргах хоёрт минь үүрд хамт байлцаж
        Зоригий минь тэжээж, халуун өврөө өгөгч
        Зорилго нэгт ардын минь өлгий болсон нутаг
Нацагдорж, Цэдэнжав хоёрын эх орноо магтан дуулсан арга барил чиг зорилго ч хоёр хоёр өөр болохоос биш, энэ хоёр зохиолын тэр нь муу, энэ нь сайн гэх арга байхгүй. Түүгээр барахгүй, одоо өндөр боловсролтой омголон яруу найрагчид төрж байх шиг байна. Тэдэн дундаас, энэ хоёр зохиолчоос илүү өндөр эрмэлзэл тэмүүлэл дэвшүүлээд огт өөр арга барил, ур ухаанаар гурав дахь, дөрөв дэхь “Миний нутаг” гараад ирэхэд гайхах хэрэг байх уу.
Цэдэнжавын томхон зохиол гараад ирсэний дараа тэр зохиолд нь “луу унжив” гэх шиг сүүл унждаг явдал байсаан. “Мядагмаагийн явдал” гэдэг томхон өгүүллэг хэвлүүлсний дараа Чеховын “Сээхэлзүүр”-ийг хуулав хэмээн баахан дайрч давшив. Гэтэл зөвхөн суутнуудыг ч биш ямар нэгэн, сэтгэл оюунд таалагдсан зохиолоос санаа авах, тэр зохиолыг өөрийн өвөрмөц хөрсөн дээр буулгах, тойруу замаар дуурайх /дууриалгах/ явдал урьдаас улбаатай юм байна шүү дээ. Цэдэнжав ганц “Мядагмаагийн явдал”-ыг бүтээгээгүй ээ. Нэг хэсэг хэд хэдэн тиймэрүү өгүүллэг бичсэн. Тэр өгүүллэгүүдэд   Чехов ил далд нөлөөлсөн л юмсан.Тэр цагийн биднээс толгой илүү төрснөөрөө уран зохиолд тэгж зохиол бичдэг явдал байдгийг мэдээд л Чеховыг дуурайсан байна шүү дээ.
1988 онд зохиолчдын хорооны удирдлага тэр үед сэрүүн тунгалаг байсан хэсэг ахмад зохиолчдыг хүлээн авч тэдний бодол санаа эрэлт хүсэлтийг сонсчээ. Ц.Дамдинсүрэн /Өвгөөдэй/, С.Дашдэндэв, Д.Тарва, Г.Жамсранжав, Ц.Цэдэнжав, Л.Цэнд-Очир, Д.Цэвэгмэд   нар байжээ.
Энд Цэдэнжав юу гэж хэлсэн вэ?
-1929 онд “Уран үгсийн чуулган” ном гарав. Манай тэнд ганц ширхэг очив. Багшаас үйлээ үзэж байж гуйж авч уншив. Буяннэмэхийн тааж ойлгоход хэцүү шүлэг сонин санагдав. “Үлгэрийн далай”, “Саран хөхөө тууж”- ийг хөгшчүүлд уншиж өгч, шан хүртдэг байв. Одоо манай зохиолчдын хороонд нягтлан бодох хийж буй Цэвээний аав Хайдавданзан очиж пионерийн байгууллага байгуулж пионер болгон галстуг зүүж байв. “Цаасан шувуу”, “Оюун түлхүүр”-ийг цээжилчихдэг байв. Багш энэ байдлыг ихэд сайшаана. Буриадын “Эрдэм ба шашин” сэтгүүл их ирнэ. Тэр сэтгүүлийг сонирхон уншаад хүүхдийн дунд бурхангүйчүүдийн бүлгэм байгуулж, түүнийг толгойлж шийтгүүлж пинд бүтэн өдөр хоригдож байв. Гэрээ санаад харих гэхээр чөлөө өгдөггүй. Тэгэхээр нь Дадалын чөлөөт хөдөлгөөнийхөн гэгдэж хэл аманд ороогдоод худлаа галзуурсан чинь айцгаагаад гэр лүү минь явуулж байв.
Дашцэрэн гэдэг багш шүлэг бичүүлнэ. Лам нарыг шоолж анх шүлэг бичсэн шиг санагдана. Байсаар төвийн сонинд “Улаан харандаа” нэрээр /тэр үед тэгж чамирхдаг явдал бичиг үсэг мэддэг хүмүүсийн дунд хот, хөдөөгүй байв/ шүлгээ явуулдаг болов.
1930 оны намар багшийн сургуульд ирэв. Бөмбөгөр ногоонд Буяннэмэх шүлгээ хуучирдан уншиж, Цэрэн-Очир, Доржсүрэн нар зүгээр уншиж байв. 1931 онд “Залуучуудын үнэн”-д шүлэг маань хэвлэгдэв. 1932 он гэхэд нэг жилд 70-80 шүлэг бичдэг болов. Сонин хэвлэлд гарсан зохиолд шагнал урамшил байхгүй. Би тэр үед сүүлд Ардын жүжигчин болсон Дашдэлэг гуайнд сууж байв. 1932 онд театрт жүжиг бичиж өгөв. Шаравдоо гуай аваад сураг тасарсан, “Амрагийн халуун” жүжиг бичээд Дорнодын ганц цахилгаан гэрэлтэй “Ленин клуб”-т бид тоглосон юм.
Цэдэнжавыг ийнхүү ярьж дуустал Дондогийн Цэвэгмид босч ирээд:
-Багшийн сургуульд Цэдэнжавтай хамт суралцаж байв. Тэр цагийн багш нар цагийн үнэ цэнийг лут мэднэ. Ном унших, юм мэдэхийг хүсэх нь хязгааргүй.  Гадаад хэл сурахыг эрмэлзэнэ. Цэдэнжав герман хэл сурна гээд зөндөө үг цээжилчихсэн байв. Богд хан ууланд минь Цэдэнжав амраг хүүхнээ харж шүлэг бичиж байв. Чита хотод Пионерийн Зөвлөлийн шугамаар явсан. Бид сургуулиа төгсөж багш болов. Багш болох биднийг зун семинарт суулгав. Семинарт явж байхад дургүй нь хүрсэн хичээл дээр Цэдэнжав зуухны таг авч ханги  янги цохиж, хичээл тарааж, Баттөмөр /Гэгээрүүлэх яамны/ сайд ирж зад загнаж байв.
Цэдэнжавын багаасаа ямар сэргэлэн цовоо эр байсан болоод манай уран зохиолд түүний бие их эртээс орж, энэ хооронд яаж өгсөж уруудаж явсаныг нь уран бүтээлийн нь их өв бидэнд аандаа гэрчилж байна.
Уран зохиолын олон төрөлд тэр багаасаа гаршиж, өөрийн гэсэн байр сууриа эрт эзэлсэн билэгт зохиолч байжээ. Шог үзэгдэл, жижиг үзэгдэл, нэг бүлэгт жүжиг, радио жүжиг бичиж байсан нь хожмоо манай жүжгийн нэрт зохиолч болох үндэс нь болжээ. “Хаврын урь” роман, “Ерөө голын охин” тууж бусад олон өгүүллэг, найрагллал тэмдэглэлээрээ манай хүүрнэл зохиолын том төлөөлөгч гэдгээ нотолсон юм. “Хилчин”, “Улаанбаатар”, “Өлгий дээр чинь”, “Талын манхан”, “Дандар 28”, “Миний нутаг” зэрэг олон арван шүлэг найраглалаараа Цэдэнжав эх орныхоо яруу найрагт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан хүн. “Эрхэмийн дээд”, “Хилчин”, “Гөрөөчин” зэрэг олон сайхан дуу нь эдүгээ манай ард түмний дунд ардын дуу мэт мөнхрөн зохиолчийнхоо нэр сууг өргөн цууриатсаар байна.
Түүний яруу найраг утга агуулга, үзэл бодлоороо цаанаа нэг билэгт найрагчийн цог золбоог бадраасан зангарагтай, нударгатай байдаг.
Шүлгээ нарийн хайрцаглаж бичих гэхгүй аль болохоор сул чөлөөтэй байдлаар бичиж, уншигч олондоо эх оронч сэтгэл, хамтын хөдөлмөрч, бүтээлч чанарыг аль болохоор энгийн ухаалаг хэлж өгөх гэж мэрийдэг нь сайхан санагддаг. Хүмүүсийг үргэлж сайн сайхан луу уриалан дуудаж, ирээдүй хойчдоо итгэл төгс бүтээж амьдрахын эрхэм утгыг тунхаглаж байдгаараа тэр, манай үеийн гайхамшигтай халуун эх оронч яруу найрагч байсаан. Энэ хүний яруу найрагт унанги гутрангуй өнгө үнэр ер байсангүй. Харин ч оргилж боргилсон хурц дайчин чанар гэвэл зөвхөн яруу найрагт нь ч биш, бүх зохиол нь тийм шинж чанартай.
Манай эх орны их утга зохиолын нэгэн тулхтай, буянтай буурал энэ хүнтэй багш шавийн барилдлагатай явсандаа  бахархан баярлаж байна. Бас энэ суут сайхан хүнтэй зөвхөн үерхэн нөхөрлөх биш, хамт уран бүтээл хийж явсандаа бүр ч их баярлаж бахархаж явдаг юм би. Цэдэнжав нэг л сонин хүн байсаан.
Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст
                                                                               2003.10.26

No comments:

Post a Comment