Friday, 8 November 2013

БУУРАЛ ЦАРС ШИГ ӨВГӨН БАГШ МИНЬ


/Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ц.Цэдэвжавын тухай турсамж/
-Миний өвөө ажаа гөрөөчин хүн байлаа. Би хожим өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулж, “Ажаа”, “Нүгэлийн нүд” гэдэг өгүүллэг бичсэн юмсан. Өвөөгөө дурсах бүр:
Цантын цагаан ууланд
Цасны будан цайрна.
Саравчлан харахад аглаг ой дүнхийж,
Цагаан дээлтэй гөрөөчин альхан талд нь яваа бол...” хэмээх дуу Цэдэнжав багштай минь хамт санаанд зурсхийн орж ирдэг юм. Яагаад гэвэл намайг зургаа, долоохон настай байхад радиогоор энэ дууг явахад өвөө маань “дуугий нь чангал” гэдэг байсан юм. Би өвөөгөөсөө “Яагаад өвөл анд явдаг юм бэ” гэж асуухад “Өвлөөр л ан хийдэг юм. Амьтны мөр өвөл цасан дээр тод үлддэг. Халуун намраар яваад бараг л хавар ирдэг юм шүү дээ. Тэгээд л намар, өвлийн хэдэн сар гэрийхэн нь аглаг ойг саравчлан хүлээдэг юм. Анчны амьдрал харагддаг дуу” гэж хэлж билээ. Өвөөгийн яриа, энэ дуу хоёр ихэр юм шиг. Бас надад хачин их гуниг төрүүлсэн юмдаг. Тэр үед ан гөрөөнд алс явсан өвөөгөө санахдаа, энэ дууг амандаа аялж, “Түмний нэг” кинон дээр Чинбатын уншдаг “Миний нутаг” шүлгийнх нь амин сүнс болсон:

“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” дөрвөн мөртийг бишрэн цээжилж явахдаа энэ гайхамшигтай яруу найрагчийн шавь нь болж, Монголын утга зохиолд хөл тавихын чинээ зүүдэлсэнгүй явлаа даа.
Холбооны техникумын гуравдугаар курсын оюутан би 1977 оны намар сурагчийн 48 хуудастай дэвтэр дээр “шүлэг” хэмээн амьхандаа нямбайлан бичсэн дөрвөн мөртүүдээ бариад Зохиолчдын хороон дээр ирлээ. Залуу зохиолчдыг Б.Бааст гуай хариуцаж байлаа. Бааст гуай “Цэл залуу насныхаа... гэдэг шүлэг мэдэх үү?” гэлээ. “Мэднэ” гэхэд “За тэгвэл тэрнийг бичсэн Ц.Цэдэнжав гэдэг алдартай яруу найрагчид чамайг шавь оруулна. Ажилчны районы утга зохиолын нэгдэл дээр оч. Би хэлчихнэ. Гэрийнх нь утсыг тэмдэглээд ав” гэлээ. Намайг үзгээ гаргатал миний бэх нь гоожсон “Аравын үзэг”-ийг хараад “зохиолч хүн ийм үзэгтэй явдаг юм уу?” хэмээн айхтар шүүмжилж, өөрийнхөө үзгийг өгөөд утасны дугаар тэмдэглүүлж билээ. Ердөө тэр өдрөө л Цэдэнжав багштай утсаар ярьж, хагас сайн өдөр болгон цугладаг нэгдлийнхээ хичээлд явдаг болж билээ.
Манай нэгдлийн хичээлд нэр алдартай зохиолчдоос эхлээд Төмөр замын, НАХЯ-ны утга зохиолын нэгдлийн залуу зохиолчид ирж шүлэг уншина. Тэр үед насаар хамгийн бага нь би байлаа. Манай нэгдлийнхэн намайг очсонд ихэд олзуурхаж, халуун дотно хүлээж авсан юм. Намайг нэгдэлд очиход Ч.Пүрэвдорж, Б.Нордов, С.Гантөмөр, Б.Шүрхүү, Еэгийн Чулуун, Довдонжалбуу, Г.Лхайжий, О.Сэрээнэн, Ш.Гэндэнжав, Б.Түвшинжаргал, Ядамсүрэн, Б.Батноов, Н.Отгонбаяр ах нар, Дарь.Нацагдорж багш, Б.Намжилмаа эгч угтаж авсан санагдах юм. Дараахан нь Б.Даариймаа, Б.Лхагвасүрэн, Б.Туяа гэх мэт үргэлжилсэн үгийн зохиол бичдэг эгч нар орж ирсэн. Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат Дарь.Нацагдорж хэмээх яруу найрагчид намайг албан ёсоор “Анна Ахматова шиг яруу найрагч болгоорой” хэмээн даалгаж өгөөд, түүнээс хойш “Түмэнбаяр чинь, Нацгаа бид хоёрын давхар шав юм шуу даа” гэж орж ирсэн хүн болгонд хэлдэг сэн.
Нүдээ аниад, юу ч болж байсан залбирч байгаа мэт хоёр гарынхаа алгыг хавсран унтаж байна уу ч гэмээр суух бөгөөд сэтгэл нь их хөдөлсөн үедээ гар нь чичирч харагддаг сан.
Нэг ч хүнд муухай аашилдаггүй хэрнээ яг зохиолчдынхоо дунд ороод ирэхээрээ “үгээр идээд” суулгадаггүй нэгэн. Юу ч үзээгүй, юу ч мэдэхгүй бидэнтэй тийм зиндаад тоож ярихаар юм байдаггүй байсан биз ээ.
Хааяа гэрээр нь очиход нэгдлийн хичээл дээр яриагүй юмаа дотночилж ярина. Гуниглах гэдэг чинь бас л яруу найраг юм шуу даа. Огенский чинь “Полонез”-ээ нутгаа санаад бичсэн гэдэг юм. Нутгаа санасан гуниг уйтгараас тийм сайхан хөгжим төрдөг байх нь.
Урианхайн “Дотоод шаталтын хөдөлгүүр”-ийг дахин дахин унш. Зүрхийг тэгэж хэлнэ гэдэг чинь сэтгэлгээ юм шуу даа. Танай хүний шүлгээс иргэний уянга мэдрэгдээд байна. Маяковскийг сайн унш. “Зөвлөлтийн паспорт”  шиг шүлэг бичиж болно шуу даа.
“Орос хэл сурах хэрэгтэй. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явах хэрэгтэй. Өөрөө бие даагаад орос хэл сурч болно. Нэг романыг бүгдийг орос хэлээр уншихад л орос хэлэнд гайгүй болно шуу даа. Орос хэл сурчихвал Яны “Батхаан”, “Чингис хаан”-ыг эх хэлээр нь уншина шуу даа” гэж хэлдэг сэн. Би багшийн хэлснээр орос хэл сурах гэж “Анна Каренина”-г орос, монголоор нь худалдаж аваад хэсэг хуудсыг зэрэгцүүлж уншсан юмдаг. Юу ч ойлгоогүй. Хожим Цэдэндорж орос хэл сурах өөр арга зааж өгсөнөөс хойш багшийнхаа зааж өгсөн “гүжирмэгдүү” тэр аргыг орхисон.
Багш, аав, хүү хоёр Дюмагийн хувийн зөрчлийн тухай огт дуулаагүй сонин юм ярьдаг сан. Хүү нь аавыгаа “хүүхэмсэг” хэмээн шүүмжилж бүр үзэн яддаг байсан. Гэтэл дараа нь өөрөө эцгээсээ илүү хүүхэмсэг болж өөрөөсөө өчнөөн дүү бүсгүйд дурлаж “бие сэтгэлээрээ яллагдсан” гэж билээ. Бодвол Цэдэндорж бид хоёрын явдлыг зөвтгөх гэсэндээ л тэгэж хэлсэн юм болов уу даа.
 Гэрээр нь дүүрэн цэцэг. Цэдэнжав багшийнхаа гэрээс олон ч цэцэгний мөчир тасдаж, Түүхийн төв архивын өрөө тасалгаануудыг цэцэгжүүлсэн дээ. Одоо хэр нь тэр цэцэгний үр үндэс архивын цонхон дээр харагддаг.
Цэдэнжав багшийнх Шадавлинд, харин Нацгаа багшийнх Шарга морьтын хамгийн дээд аманд зусланд гардаг байлаа. Нацгаа багш, Нацгаа багшийн гэргий Ягаан, хүү Мөнхсайхан, Ичинхорлоо эгч бид нар хагас, бүтэн сайнаар аглаг ойгоор тэнэнэ. Багш байгалийн сайхантай танилцуулж, “Мичурин” болж явсан түүхээ ярьж, мөөг, самар, жимс түүж, янз бүрийн цэцэг жимсний тухай тайлбарлан ярьж намайг ургамалд хайртай болгосон юм. Мөөгтэй хуурга, жимсний чанамал хийж дайлна. Чингээд Оросын байгаль судлаачдын бичсэн “Ургамлын амьдрал”, “Сонирхолтой физиологи”, “Утсан дээрх шувуу”, “Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал” зэрэг номнуудыг унших хэрэгтэй. Тэгвэл байгалийн сонин сайхнаар өвөрмөц зохиол бичиж болно гэж хэлдэг байснаас ч тэр үү, тэдгээр ном нь одоо миний ширээний ном, өгүүллэгүүдийн маань гол сэдэв болсон билээ.
Бас намайг архивт ажиллаж, монгол бичиг сурч байгааг минь сайшааж, “Хөх Монголын хөх туг”, Шинжинаашийн “Хөх судар”-ыг заавал уншаарай гээд “Мандухай цэцэн хатан”-ы домог болон “Мандухай цэцэн хатан” жүжгээ бичсэн тухайгаа, Элбэг хааны хувиа хичээсэн нүгэлт үйлийн тухай “Цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай” бүсгүй дүүгээ “хүчирхийлсэн” тухай ярьж, миний мэргэжлийн онцлогийг бас л олзуурхан “Танай хүн Жюль Верн шиг шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичиж ч болно шуу даа” гэж хэлдэг байлаа.
Би багштайгаа Шарга морьтын ойгоор хамт явж байхдаа “Цэцэг бүхэнд шүлгээ уншлаа” гэдэг шүлгээ бичсэн юм. Хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр ая тааруулж, дуурийн дуучин Туяа дуулснаар
“...Баглаа болгон тэвэрч би чамайг энхрийлсэн
Бал бурмын үнэрээ чи надад шингээсэн
Цэцэг бид хоёр талаасаа ургасан үрс
Цэцэг бид хоёр үндэс нэгтэй халуун амь...” хэмээх “Цэцэг бүхэнд дуугаа дууллаа” гэдэг дуу төрсөн юм.
Багшийг “зөөлчлөх” хүн захаас аван олон байлаа. Орон, шоронгоос гарсан, ажлаасаа халагдсан, авгайтайгаа муудсан, ад үзэгдэж шоовдорлогдсон зэрэг утга зохиолын хүрээний “зүрхэндээ шархтай” бүхэн Цэдэнжав багшийг минь бараадаж, Ичинхорлоо эгчийн чанасан цай, гурилтай лавшаатай зовлон, гунигаа хуваалцаж, илааршин тайтгарлыг олдог байлаа.
1980-аад оны үед Бавуугийн Лхагвасүрэн ах дөчөөд настай, эрхэлсэн ажилгүй, манай нэгдэл, Цэдэнжав, Нацагдорж багшийнхаар үргэлж очдог байлаа. “Боржгины бор тал”, “Монгол хэл” шүлгээ “Утга зохиол, урлаг” сонинд хэвлүүлчихсэн, бидэнтэй хамт үйлдвэрийн ажилчдын уулзалтанд очиж шүлэг уншина. Нэг удаа Нацгаа багшийнд Лхагвасүрэн ах халамцуухан, намайг “Архинд яваад ир” гэлээ. Миний гэдэн хөдлөөд “Үгүй” гэсэн чинь “Би мөнгөө өгнө. Хурган найрагч миний архинд явж өгөхгүй гэнээ. Цэдэнжав гуай, таны энэ хэгжүүн шавийг үнсэх үү, алгадах уу” гэлээ. Цэдэнжав багш гараа үрчин, жаал бодол болж байснаа: “За тэгээд үнссэнээс алгадсан нь дээр байлгүй дээ. Гэхдээ эмэгтэй хүнийг зөөлхөн л алгадаарай даа” гэж билээ. Лхагвасүрэн ах хоёр гурав далайснаа “яаж буцахав” гэсэн шиг чамгүй чанга байлгаад авч билээ. Миний уур хүрээд “нөгөө хацры нь” гэсэн чинь Цэдэнжав багш, бодвол миний хэгжүүрхсэнд бас ч тийм дуртай байгаагүй бололтой “За даа, одоо болно биз дээ, боллоо, боллоо, тэнцлээ, тэнцлээ” гэж билээ.
Социализмын үе юм хойно, улс төр, хэлмэгдүүлэлтийн тухай ярих хориотой байсан цаг.
Гэхдээ надад нэг хачин юм хэлж билээ. Хэлмэгдүүлэлтийн үед хамаг амьтан баривчлагдаад явчихсаны дараа холоос машин ирж яваа л харагдвал шууд сүхээ авч гараад түлээгээ хагалаад суучихдаг байсан гэж. “Яагаад?” гэхээр “Мэдэхгүй” гэснээ “Их сонин юм шүү. Гялалзсан савхин гуталтай залуухан дарга буудуулах гээд туугдаж явахдаа өмнө нь шалбааг тааралдахад тойроод гардаг гэж байгаа” гээд шүүрс алдаж билээ.
Би “Харагдмаархан” гэдэг буриад дуунд дуртай байлаа. Нэг удаа ойд явж байхдаа энэ дууг аялтал багш: “битгий, битгий энэ дууг дуул. Сэтгэл ураад байдаг юм” гэж билээ. Би “Яагаад” гэж асууж зүрхлээгүй. Буриадууд хойноос оргож босож явах үед энэ дуу гарсан гэдгийг хожим Эрдэнэ баавайгаас мэдсэн юм. Харин надад миний өвөөгийн дуртай “Гөрөөчин” гэдэг дуу гөрөөчний тухай ч биш, сураггүй алга болсон, хэлмэгдлийн шуурганд орь залуу насаа өргөсөн олон олон буриад зоны гуниг харууслыг дүрсэлсэн ч юм шиг санагддаг болсон юм.
Нэгэн нууцыг дэлгэхэд 1983 оны намар Эрдэнэ баавайн уушиг нь устаад хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байлаа. Миний аав эмч, бас лам, зөнч хүн Борнуурын САА-д байсан юм. Эрдэнэ баавайг яаж эдгээхийг асууж аавдаа очлоо. Аав “Арван долоогоос арван найман настай, анхны хүүхдээ төрүүлээд 45 хоногоос гурван сарын хооронд байгаа эхийн сүүг, эхээс саасан халуунаар нь тогтмол нэг цагт өлөн дээр нь нэг аягыг дор хаяж долоогоос арав хоног өгөх хэрэгтэй” гэлээ. Тийм хүн хэн байдаг билээ. Байлаа ч сүүгээ хэр баргын хүн өгөхгүй.
Бодож бодож, Цэдэнжав багшийн охин Мөнхцэцэг саяхан төрсөнийг саналаа. Аавын хэлсэнтэй яг таарч байна. Эхлээд Мөнхцэцэгтэй уулзлаа. Тэр миний өөрөө нэхсэн саатай ногоон /шаль/ нөмөргийг шохоорхоод байсан юм. “Эгч нь энэ алчуураа бэлэглэе” гэлээ. Мөнхцэцэг “Би ч дуртай л байна. Ганцхан ээж мэднэ” гэлээ. Би “ээждээ өгөх гэсэн юм” гэж Ичинхорлоо эгчээс гуйлаа. Ичинхорлоо эгч нилээн дургүйцэж байгаад эрх охиныхоо гуйлтаар аргагүй зөвшөөрлөө. Би Гандангаас өглөө эрт хамгийн эхний автобусаар гарч нэхмэлийн шард багшийнд очиж, Мөнхцэцэгийг дөнгөж сэрээд хүүхдээ хөхүүлэхэд нь /Одоо зээ охин Ганчимэг нь/ очиж, 250 граммын жижигхэн цэнхэр халуун саванд өтгөн шаргал сүү саалгаж аваад, хоёр автобус дамжин хоёрдугаар эмнэлэг дээр яг 7.40-д очдог байлаа.
Эрдэнэ баавайд хэлчихсэн, зөвшөөрсөн байсан болохоор эмнэлгийн үүдний модон сандал дээр хүлээгээд сууж байдаг сан. 14 хоног уусан. Эрдэнэ баавай ч эдгээд эмнэлгээс гарсан. Түүнээс хойш хэдэн жилийн дараа Эрдэнэ баавай, Цэдэнжав багш, Ичинхорлоо эгчтэй хамт Хардалайд амарч байх үедээ, сэтгэл нь хөдөлсөн юм уу, согтуу байсан юм уу бүгдий нь хэлчихсэн байсан. Ичинхорлоо эгч ирээд: “Чи ингэхэд ээждээ өгнө гэж сайхан худлаа хэлээд тас нуусан байна лээ шүү. Үнэнээ хэлсэн бол бас л өгөх байсан. Бүр дуртай ч өгөх байсан байх. Өвгөн бид хоёр Эрдэнээгээс сонсоод гайхаад, бас баярлаад... ирээд охиндоо хэлсэн чинь охин бүр гайхаад...” гэж ярихад багш маань: “Эрдэнэ охиндойгий минь хүү болсон байна шүү дээ” гээд инээчихсэн баяртай нь аргагүй зогсож байж билээ.
Эдүгээ Эрдэнэ баавайтай ээжийнхээ сүүг хуваалцсан Ганчимэг “Монголын нууц товчоо” сургуулийг сэтгүүлзүйн мэргэжлээр миний гарын шавь болж төгссөн билээ. Энийг эртний ерөөл гэхээс өөрөөр юу гэх билээ дээ.
Залуудаа хэр баргийн хүнтэй таарч тохирдоггүй, хачин этгээд ааштай, юм юм руу савчсан, бас олон эхнэрээс салж, дур зоргоороо зантай гэхийн ор мөр ч үгүй, он жилийн урт, дөрвөн улирлын араншинд элэгдэж, хэр баргийн юманд цочирохоо больж, зөвхөн дотроо бясалган, бодолд дарагдсан буурал царс шиг өвгөн багшийнхаа гэгээн дурсгал, Монгол хүн бүрийн “цэргийн тангараг“ шиг зүрхний тангараг болсон дөрвөн мөртөд нь мөргөн сүсэглэмү.

Цэрэнтулгын ТҮМЭНБАЯР /МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч/
2013.01.27
Улаанбаатар хот

No comments:

Post a Comment